БХБ-ЫН ДЭД САЙД Б.МӨНХБААТАР: МЯНГАНЫ СОРИЛТЫН КОРПОРАЦИТАЙ НЭГ БАГ БОЛЖ АЖИЛЛАНА
Өнөөдөр Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Алекс Рассин болон АНУ-ын Элчин сайдын яамны Эдийн засгийн хэлтсийн дарга Бэн Ли Роё нарыг хүлээн авч уулзаж, санал солилцлоо.
Монгол улсын Засгийн газар, Барилга, хот байгуулалтын яам Мянганы сорилтын корпорацитай /МСК/хамтран хоёр дахь компакт гэрээний хүрээнд Улаанбаатар хотын цэвэр усны нөөц, ус хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, бохир усыг дахин боловсруулж үйлдвэрт ашиглах үйлдвэрийн төслийг хамтран хэрэгжүүлэх гэж байгаад баяртай байгаагаа Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар уулзалтын эхэнд онцоллоо.
Тэрээр Усны нөөц, хангамжийн асуудал Улаанбаатар хотын тулгамдаж буй асуудлын нэг бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэхэд МСК дэмжин, хамтран ажиллаж байгааг онцлоод дээрх төслийг хэрэгжүүлэхэд бэлтгэл ажил чухал гэдгийг тодотгосон юм. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажил эхэлсэн бөгөөд 3 жилийн дотор барилга усралтын ажлыг хийж хэрэгжүүлнэ. Уг ажилтай зэрэгцээд бэлтгэл ажлыг базааж, Улаанбаатар хотын цэвэр усны нөөц, ус хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, бохир усыг дахин боловсруулж үйлдвэрт ашиглах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэх учиртайг хэллээ. Энэ томоохон ажилд Мянганы сорилтын корпораци дэмжин, нягт уялдаатай хамтран ажиллахыг дэд сайд Б.Мөнхбаатар хүссэн юм.
АНУ-ын Элчин сайдын яамны Эдийн засгийн хэлтсийн дарга Бэн Ли Роё хэлэхдээ “Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар таньд баярлалаа. Биднийг найрсаг хүлээн авч уулзан, санал солилцож байгаад баяртай байна. МСК үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш анх удаагаа хамтран ажилласан улсын нэг бол Монгол улс. Энэ удаагийн хоёр дахь компакт гэрээ бол ихээхэн чухал ач холбогдолтой бөгөөд 350 сая ам.долларын буцалтгүй тусламж нь Улаанбаатар хотын усны нөөцийг нэмэгдүүлж, ус хангамжийг сайжруулахад чиглэж байгаад баяртай байна” хэмээн онцоллоо. Тэрээр уг төслийн хүрээнд усыг дахин ашиглах, бодлогын реформ хийх зэрэг өргөн хүрээтэй ажил хийгдэх болно гэлээ.
Харин АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Алекс Рассин монголд ирээд удаагүй байгаагаа хэлээд халуун дотно, найрсаг угтаж, хүлээн авсанд талархалаа илэрхийллээ. Тэрээр Улаанбаатар хотын усны асуудлыг шийдвэрлэхэд Барилга, хот байгуулалтын яамтай нягт холбоотой байж, нэг баг болж ажиллана хэмээн уулзалтын үеэр хэллээ.
Уулзалтын төгсгөлд хоёр тал бэлтгэл ажлыг сайтар хангаж, ажлаа шуурхайлан, эхлүүлсэн ажил амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлсэн юм.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ