УЛААНБААТАР ХОТЫН ШИНЭ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Одоогийн төв цэвэрлэх байгууламжийг 1964 онд байгуулж 3 үе шаттайгаар техник, технологийн өргөтгөл, шинэчлэлт хийгдсэний үр дүнд 1986 онд хоногт 230000 м3 ахуйн бохир усыг хүлээн авч, зохиомол биологи цэвэрлэгээний аргаар цэвэрлэх байгууламжтай болсон түүхтэй. Гэвч 1990 оноос Улаанбаатар хотын хүн амын механик өсөлт нэмэгдэж, мах, сүү, арьс, шир, ноос ноолуур боловсруулах жижиг, дунд үйлдвэрүүд хэрэглээнээс гарсан өндөр бохирдол бүхий бохир усыг урьдчилан цэвэрлэгээ хийлгүй төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэх болсноор технологи үйл ажиллагаа нь доголдож эхэлсэн байдаг. Иймээс Монгол улсын Засгийн газар 50 гаруй жилийн өмнө баригдсан төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн барих ажилд онцгойлон анхаарч ажилласны дүнд БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлттэй зээлийн хүрээнд “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих” төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Тэгвэл өнөөдөр /2019.2.28/ түүхэн бүтээн байгуулалт болох “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих” төслийн шав тавих ёслолын ажиллагаа болж Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин, Барилга хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар, төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон Засгийн газрын гишүүд, төлөөлөгчид оролцлоо.
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-д айлчлах үеэрээ дээрх төслийг тус улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр шийдвэрлүүлэх асуудлыг хөндөж тавьснаар өнөөдөр ажил хэрэг болж байгаа төдийгүй Улаанбаатар хотын хүн амын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх, байгаль-экологийн тэнцлийг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэх төслийг эхлүүлж байгаадаа баяртай байгааг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээлтийн үеэр тодотгон хэллээ.
Барилга, хот байгуулалтын яам нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийтийн аж ахуйн салбарын бодлогын хүрээнд аймаг, нийслэлд тулгамдаад байсан цэвэрлэх байгууламжийн асуудлуудыг дэс дараатайгаар шийдвэрлэн ажиллаж байгаа билээ. Барилга, хот байгуулалтын яам энэ ажлын хүрээнд “Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэргүйжүүлэх” арга хэмжээг 2018 оноос хэрэгжүүлж эхлэсний үр дүнд хоногт 2500 м3 лаг усгүйжүүлэх байгууламжийг шинээр барьж энэ оны долоодугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Мөн хуримтлагдсан хур лагийг халдваргүйжүүлэх, дүүрсэн лагийн картуудыг үнэргүйжүүлэх, суллах, лагийг бордоо болгох ажлыг эхлүүлж эхний үр дүнд хүрч байгааг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан онцлон тэмдэглэсэн юм.
Шинэ Цэвэрлэх байгууламж нь биопрудын зориулалтаар ашиглагдаж байсан 40 га талбайд баригдах бөгөөд нийт талбайн 24.7 га талбай буюу 61 хувьд нь төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай барилга байгууламжийг барьж байгуулна. Мөн шаардлагатай авто зам, явган хүний зам талбай, ногоон байгууламжийг давхар шийдэж өгөх аж.
ТЭЗҮ-д тусгагдсанаар хоногт 250,000 м3 бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай бөгөөд 3 үе шаттай цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийгдэнэ. Лаг боловсруулан биохий гарган авах замаар эрчим хүч болон дулаан үйлдвэрлэж, үйлдвэрийн нийт цахилгааны хэрэгцээний 53 хувийг хангахаар тооцжээ.
Төслийн гүйцэтгэгчээр “Чайна тисижу сивил инженеринг групп ба Бээжин констракшн инженеринг групп консорциум ажиллах бөгөөд ийнхүү төслийн шавыг тавьснаар “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж барилгын ажил эхэлж байна. Үндсэн барилга, байгууламжуудыг 35.5 сарын дотор барьж дуусгахаар төлөвлөжээ. Ийнхүү 10 гаруй жил яриа төдий байсан Шинэ төв цэвэрлэх байгууламж ажил хэрэг болж эхэллээ.