main-logo
  • +976 7011 1622

    +976 7011 2622

  • Эрхүүгийн гудамж-31

    Ориент төв 4 давхар

  • Дав - Баа: 09:00 - 18:00

    Ням, Бям: АМАРНА

company-cover

Л.БАТЖАРГАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛЭЭР АМИНЫ ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВАХ БОЛОМЖ БҮРДҮҮЛНЭ

Хэвлэх | 2018-12-06
-Барилгын салбарын хэд хэдэн хуулийг өөрчлөн, шинэчилсэн. Эдгээрийн үр дүн гарч байна уу?

-Барилга, хот байгуулалтын яамны зүгээс Барилгын тухай хуулийг 2016 онд шинэчлэн найруулсан. Барилгын үйл ажиллагаа эрхлэх, барилгын материал үйлдвэрлэх, барилгын ажил гүйцэтгэх, түүнд хяналт тавих, ашиглалтад оруулахтай холбоотой үйл ажиллагааг эл хуулиар зохицуулж буй.

Шинэчлэн, найруулсан хуулийн хүрээнд дагаж мөрдөх 34 дүрэм, журмыг боловсруулан, батлуулж, мөрдөж байгаа. Мөн Хот байгуулалтын, Газрын, Газрын кадастрын, Газрын төлбөрийн, Геодези, зураг зүйн тухай хуулийг шинэчлэн, найруулж байна. Энэ онд багтаан Орон сууц болон хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж буй. Түүнчлэн сүүлийн үед дахинд ногоон барилга, ногоон төлөвлөлтийг чухалчлах болсон. Тиймээс бид Хот, тосгоны ногоон байгууламжийн тухай хуулийн төсөл боловсруулахаар ажлын хэсэг гаргасан. Одоо УИХ-д өргөн барих л үлдээд байна. Мөн Авто зогсоолын тухай хууль, нийгмийн зайлшгүй хэрэгцээнд тулгуурласан газар чөлөөлөх тухай хуулийн төсөл боловсруулж буй. 

Улс орны хэмжээний томоохон бүтээн байгуулалт хийхэд газар чөлөөлөх зайлгүй шаардлага тулгарах болсонтой холбогдуулж дээрх хуулийг яаралтай батлуулах шаардлагатай юм. Мөн Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг гаргасан. Дээр дурдсанчлан 2016 онд Барилгын тухай хуулийг шинэчлэн найруулсан. Дагалдаж гарах бодлогын хэд хэдэн баримт бичиг бий. Үүний нэг нь Төрөөс барилгын тухай баримтлах бодлого юм. Уг бодлогыг ирэх сард багтаан Засгийн газраар хэлэлцүүлээд, батлуулахаар ажиллаж байна. Бэлтгэлээ бүрэн хангасан. Мөн Төрөөс нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулж дууссан, Засгийн газарт өргөн барихад бэлэн болсон. Түүнчлэн Төрөөс газрын харилцаа, геодези, зураг зүйн талаар баримтлах бодлого боловсруулж, ирэх онд батлуулах гэж байна.

Барилга, хот байгуулалтын яамны хувьд нэлээд томоохон ажил хийсэн нь УИХ-аар иргэн бүрт нэг удаа газар үнэгүй өмчлүүлэх хуулийн хугацааг 10 жилээр буюу 2028 он хүртэл сунгасан. Эл хуулийн хугацаа 2018 оны дөрөвдүгээр сард дуусаж байсан. Улсын хэмжээнд 2017 оны эцсийн байдлаар 570 771 иргэнд 57 767. 26 га газар өмчлүүлсэн байдаг.

Мөн 1997 оноос хойш шинэчлээгүй байсан газрын үнэлгээний бүс буюу газрын зэрэглэл тогтоох, газрын суурь үнэлгээ, төлбөрийн хувь хэмжээг шинэчилсэн.

-Хүн амын нутагшил, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулахаар ажиллаж байгаа гэсэн. Энэ нь ямар ач холбогдолтой вэ?

-Улсын хэмжээнд хүн амын нутагшил, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулна гэж 20 гаруй жил ярьсан. Манай улсад Хот байгуулалт, эрдэм шинжилгээ, зураг төслийн институт байгуулах нэн шаардлагатай. Учир нь 1000-1500 хүн амтай сумд 960 хүүхдийн сургууль барьж болохгүй гэдгийг бүгд мэддэг ч ямар бичиг баримт дээр тулгуурлаж гаргаж буй нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, хариуцсан эзэнгүй учраас Хот байгуулалт, зураг төслийн эрдэм шинжилгээний институт байгуулахаар Барилга, хот байгуулалтын яамны харьяа Барилгын хөгжлийн төвд хоёр хэлтэс гарган, бэлтгэл ажлыг хангуулж байна. Эл хэлтэс нь Монгол Улсын хүн амын нутаг суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулаад, үүний дараа УИХ-аар батлуулж, институтээ байгуулна.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотголыг, 2030 он хүртэлх хөгжлийн хандлагыг дүгнэх, хот байгуулалтын үнэлгээ, мөн Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний концепцыг, Улаанбаатарын бүс, хот орчмын төлөвлөлтийн суурь судалгааны ажлыг Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Шинжлэх ухаан техник, технологийн зөвлөлийн хурлаар авч хэлэлцсэн. Үүний үр дүнд тодорхой хэмжээний өөрчлөлт, тодотголууд хийх шаардлагатайг тогтоож, зардлыг нь улс болон нийслэлийн төсөвт суулгасан.



-Орон нутагт бүтээн байгуулалт өрнөж байна уу. 2016-2017 онд хэд хэдэн аймгийн төвийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг гаргасан байх аа?

-Аймгийн төв болон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудыг түшиглэн хөгжүүлэх хот, суурины ерөнхий төлөвлөгөөг тодотгох ажлыг үе шаттайгаар хийж байна. Үүний хүрээнд 2016-2017 онд Баянхонгор, Багануур, Баян-Өлгий, Говьсүмбэр, Ховд, Төв, Увс, Сүхбаатар Дорнод, Говь-Алтай, Дорноговь аймгийн төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан. Үүнд улсын төсвийн хөрөнгөөс нийт 8.6 тэрбум төгрөг зарцуулсан. Харин энэ онд Завхан, Хэнтий, Архангай, Өвөрхангай аймгийн төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар боловсруулж байна. Түүнчлэн Монголд анх удаа Булган аймгийн төвийг “ногоон” хот болгох ерөнхий төлөвлөгөө боловсруулахаар Азийн хөгжлийн банктай техник туслалцааны гэрээ хийх юм. Ингэснээр бид гадаад, дотоодын ногоон хөгжлийн сангуудаас тус аймагт хөрөнгө оруулалт татах боломжтой.

-Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр ямар ажил хийж байна вэ. Орхон аймгийн Арматурын үйлдвэр хэр өргөжиж байгаа вэ?

-Улсын хэмжээнд тусгай зөвшөөрөлтэй 746 аж ахуйн нэгж барилгын материалын үйлдвэрлэл явуулдаг. Манай улс одоогоор өргөн хэрэглээний 45 төрлийн бүтээгдэхүүний 70 орчим хувийг дотооддоо үйлдвэрлэж эхлээд байна. Мөн Засгийн газраас барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих бодлого барьж буй. Үүний хүрээнд импортоор худалдаж авдаг цементээ дотооддоо үйлдвэрлэж байна. Дөрвөн том үйлдвэр үйл ажиллагаа явуулж, дотооддоо 4.2 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай болсон.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Эрэл” компанийн төслөөр угсармал барилгын үйлдвэр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Герман технологийн уг үйлдвэрийнхэн сургууль, цэцэрлэгийн цогцолбор, орон сууцны барилга барина. Энэ нь жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулах боломжтой үйлдвэр.

Арматурын үйлдвэрлэл салбарын хамгийн чухал асуудал. Өнгөрсөн жил манай улс 294 мянган тонн арматур импортолсон. Дотоодын үйлдвэрлэл тааруу байна. Нийт хэрэглээнийхээ 10 орчим хувийг л хангадаг. Цаашид бодлогоор дэмжинэ. Тухайлбал, төмрийн хүдрээс ган бэлдэц, ган бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорин ажиллаж буй Орхон аймгийн “Бэрэн” компанийн хөх гангийн үйлдвэрийг эргэлтийн хөрөнгөөр дэмжинэ. Ингэснээр жилд 100 мянган тонн арматур үйлдвэрлэх хүчин чадалтай болох юм. Энэ нь 170 тэрбум төгрөгийн импортын бүтээгдэхүүн орлох боломж гэсэн үг.

-Орон сууцны ипотекийн зээл зогссон гэдэг яриа газар аваад байна. Уг нь танай яамнаас уг зээлийн урьдчилгаа болон жилийн хүүг бууруулна гэж байсан.

-Манай яам болон Сангийн яам, Монголбанктай хамтран ипотекийн зээлийн журмыг шинэчилж байна. Уг журмыг энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар батлах байх. Энэ оны аравдугаар сарын байдлаар нийт 248.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 3798 иргэнд олгожээ. Энэ онд нийт 300 тэрбумыг олгох ёстой. Өнөөдрийн байдлаар тус зээлд нийт 4.3 их наяд төгрөг зарцуулсан. Ипотекийн зээл зогссон, олгохгүй байна гэсэн мэдээлэл гардаг. Сангийн яам, Монголбанк, манай яамнаас гарсан ажлын хэсэг тогтмол ажиллаж байгаа. Дээрх мэдээлэл гарах болсон шалтгаан нь сард олгох мөнгөний хэмжээ хоёр дахин буурсантай холбоотой. 

Одоо сард 20-30 тэрбум төгрөгийг Монголбанк арилжааны банкуудаар дамжуулан иргэдэд олгож буй. Өмнө нь сард 50-60 тэрбум төгрөгийн зээл олгодог байсан. Олон улсын валютын сангаас ипотекийн зээлийг зогсоох шаардлага тавьсан. Тэд ипотекийн зээлийг халамжийн чанартай төсөл гэж үздэг. Засгийн газраас эл зээлийг зогсоох боломжгүй гэсэн байр суурьтай байдаг. Харин ч энэ долоо хоногт батлуулах шинэ журмаар зээлийн эх үүсвэрээ нэмэх тал дээр ажилласан. Амины орон сууц авах хүсэлтэй иргэдэд эл зээлийг олгохоор тусгасан. Тухайн иргэн хашаандаа инженерийн дэд бүтэцтэй, стандартад нийцсэн барилга барих бол ипотекийн зээл олгох боломж бүрдэнэ гэсэн үг. Харин зээлийн урьдчилгаа төлбөрийн хувь болон жилийн хүүг өөрчлөх боломжгүй.

-Төрийн орон сууцны корпорац (ТОСК)-аас хэд хэдэн байршилд орон сууц бариулж эхэлсэн. Үүний санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

-“Буянт-Ухаа 2” хорооллын 972, Хөвсгөлд 135, Орхон аймагт 315, Говь-Алтайд 120, Дундговьд 20 гээд нийт 1562 айлын орон сууцыг энэ жилдээ багтаан ашиглалтад оруулна. Дуусгаагүй барилгуудын санхүүжилтийг Хөгжлийн банкнаас гаргах тухай Засгийн газрын тогтоол батлуулсан.

-Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хүрээнд БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр төсөл хэрэгжүүлэх болсон. Мөн БНХАУ-аас өгөх буцалтгүй тусламжийг дээрх ажилд зориулахаар шийдвэрлэсэн. Хэрхэн зарцуулахаар төлөвлөв?

-БНСУ-ын Засгийн газраас олгож буй 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр “Хан-Уул-2”, “Хан-Уул-1”, “Эко яармаг-1” төсөл хэрэгжүүлэхээр тус улсын “Эксим” банкны ажлын хэсгийн төлөөлөгчидтэй удаа дараа уулзаж, тооцоо судалгаа, мэдээлэл өгсөн. Үүний үр дүнд хоёр шатны санамж бичигт гарын үсэг зурсан. “Хан-Уул-2” хороолол нь нийт 706 айлын орон сууц, 150 хүүхдийн цэцэрлэгтэй байх юм. “Хан-Уул-1” нь 4320 айлын орон сууц, 280 хүүхдийн гурван цэцэрлэг, 1250 хүүхдийн багтаамжтой хоёр сургуультай байхаар төлөвлөсөн. “Эко Яармаг-1” хороолол 1800 айлын орон сууц, 280 хүүхдийн цэцэрлэг, мөн сургууль, цэцэрлэгийн цогцолбортой байна. БНСУ-ын ажлын хэсэг энэ онд багтаагаад дээрх төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой, эсэхэд хариу өгөх юм.

Харин БНХАУ-аас олгож буй 350 сая юанийн хандивыг гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд зарцуулах болсон. Уг төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн IX, X, XI, XII хороонд орон сууц барихаар төлөвлөсөн. Тухайлбал, 1008 айлын орон сууц, 240 хүүхдийн цэцэрлэг, 960 хүүхдийн сургууль барихаар төлөвлөж, ирэх оны дөрөвдүгээр сараас бүтээн байгуулалтыг эхлэх юм.

Мөн БНХАУ-ын Засгийн газраас хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэсэн. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор тус хөрөнгийг бүхэлд нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн дэд бүтцэд зарцуулахыг Засгийн газрын 2017 оны 179 дүгээр тогтоолд тусгасан. Гэр хорооллын айлуудад инженерийн дэд бүтцийг нь ойртуулж, татах томоохон төсөл манай яам, нийслэлийн ЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж байна. “Сервис центр” төслийн хүрээнд 200-300 айлд дулаан, цэвэр ус, цахилгаан, бохир, холбоо, дохиолол гээд инженерийн үндсэн таван шугамыг оруулж, гэр хорооллын айлууд хашаандаа орон сууцанд байгаа мэт дулаанаа авах боломж бүрдэнэ. Эхний ээлжинд нийслэлийн ЗДТГ-аас тодорхой хэмжээний санхүүжилт гаргаж, Баянхошуунд бүтээн байгуулалт эхэлсэн. Энэ ондоо багтаад ашиглалтад оруулна. Тэнд дэд бүтцийн төв барьсан. Бага оврын цэвэрлэх байгууламж барьж, цахилгааны эх үүсвэрүүдийн хүчин чадлыг ч нэмсэн. Цэвэр усаа төвийн шугамаас татаж буй. Иргэд ч ам сайтай, дэмжиж ажиллаж байна. Эл ажил цаашид 2020 хүртэл хэрэгжиж, Улаанбаатарын хэмжээнд 100 “Сервис центр” барихаар төлөвлөж буй. Төлөвлөсний дагуу ажиллавал 2020 он гэхэд нийслэлийн агаарын бохирдол 30 орчим хувиар буурах боломжтой.

Нийтлэлийг: Өнөөдөр сонин http://unuudur.mn
Эх сурвалж: www.mcud.gov.mn 
 
Top