main-logo
  • +976 7011 1622

    +976 7011 2622

  • Эрхүүгийн гудамж-31

    Ориент төв 4 давхар

  • Дав - Баа: 09:00 - 18:00

    Ням, Бям: АМАРНА

company-cover

ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН УРЬДЧИЛГААГ 25 ХУВЬ БОЛГОНО.

Хэвлэх | 2018-07-03
Орон сууцны тасралтгүй санхүүжилтийн сувгийг нээх олон улсын туршлагаас судлах Азийн тогтмол орлоготой үнэт цаасны тав дахь удаагийн чуулга уулзалт /AFIS/ Улаанбаатар хотноо өнөөдөр болж байна. Чуулга уулзалт “Орон сууцны бодлого ба санхүүжилтийн шийдлүүд” сэдвийн дор өрнөж, “Орон сууцны бодлогын сонголтууд”, “Орон сууцны санхүүжилтийн шийдлүүд”, “Азийн хөрөнгийн зах зээл дээрх боломжууд” дэд сэдвээр үргэлжилж байна. Энэхүү дээд хэмжээний чуулга уулзалтыг Монголын ипотекийн корпораци /МИК ОССК ХХК/ нь Барилга хот байгуулалтын яам, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран зохион байгуулж байгаа юм.

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан: Ипотекийн зээл 2013 оноос хэрэгжиж эхлээд үр дүнгээ өгч байна. Өнөөдрийн байдлаар 4,2 их наяд төгрөг хуримтлагдан сан бий болсон байна. Зээлийн хүрээнд 80,000 орчим өрх орон сууцтай болсон. Одоогоор Ипотекийн зээлийн журмыг хэрэгжүүлэхэд хамгийн тулгамдсан асуудал бол хөрөнгийн эх үүсвэрийг нээх юм. Жилдээ улсын төсвөөс нийтдээ 120-130 тэрбум төгрөг хөтөлбөрт төлөвлөж байна. Өмнөх Ипотекийн зээлийн сангийн эргэн төлөлтөөр 200 гаруй тэрбум төгрөг төвлөрсөн. Өнгөрсөн онд энэ хоёр эх үүсвэрээр нийтдээ 10 мянган айл орон сууцтай болсон. Орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн судалгаагаар эрэлт нийлүүлэлтээс давсан, хүмүүс ипотекийн зээлээр орон сууц худалдан авах хүсэлтэй байна. Тиймээс эх үүсвэрийг нь нэмэгдүүлэх шаардлагатай. Эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн тулд улсын төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хоёр дахь зээлд бонд гаргаж мөнгө босгох хоёр зам байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг Засгийн газар дангаар шийдэх боломжгүй. Учир нь бүх санхүү төсөв Олон улсын валютын сангийн өргөтгөсөн хөтөлбөртэй холбогдсон байгаа.

Өмнөд Солонгос улсаас өгөх 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг иргэдийг орон сууцжуулахад зарцуулахаар төлөвлөсөн. Ипотекийн зээлийн хөтөлбөрийг аажмаар засагт авна. Ипотекийн зээлийн журмыг өөрчлөхөөр засагт өргөн барьсан. Тухайлбал, зарим банк өөрөөсөө зээл авсан хүмүүст зээл олгодог, зарим банк Ипотекийн зээл ирсэн үед олгоно гээд өндөр хүүгээр зээл олгож иргэдийг хохироож байгааг шинэ журмаар зохицуулна. Зээлийн урьдчилгааг 25 хувь болгож оруулаад тохиролцсон. Харин зээлийн хүүг бууруулах боломжгүй. Учир нь өнөөдрийн байдлаар арилжааны банкнуудын зээлийн хүү өндөр байна.

Утаатай холбоотой засгийн газрын тогтоолд зах зээл дээр байгаа бэлэн байгаа орон сууцыг борлуулах үүрэг өгсөн. Зах зээл дээр байгаа 5822 орон сууц байна. Үүнээс иргэд худалдан авах боломжтой, өөрөөр хэлбэр энгийн стандартын 2112 орон сууц байна. Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчдыг төр орон сууцаар хангах үүрэгтэй. Судалгаагаар боловсрол, эрүүл мэнд, хүчний байгууллагын албан хаагчид орон сууц авах хүсэлт их байгаа. Хөрөнгийн эх үүсвэр шийдэгдсэн нөхцөлд төрийн албан хаагчдад дээрх орон сууцыг олгох боломжтой. Саналыг боловсруулаад засагт оруулсан. Түрээсийн орон сууц хөтөлбөр ахмад настан, залуу гэр бүл гэсэн зорилт бүлгүүдэд чиглэсэн. Буянт-ухаанд барьж буй 972 орон сууцыг түрээсийн орон сууцны зориулалтаар барьж байна. Өмнөд Солонгосоос авах зээлийн талыг нь түрээсийн орон сууцны хөтөлбөрт зарцуулна. Хурлаар ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргаж олон улсын зах зээлээс хөрөнгө татах асуудалд Азийн орнуудаас туршлага, боломжийг судалж, санал солилцож байна. Тухайлбал, үндсэн хөрөнгөөр баталгаажсан зээлийн 4,2 их наяд хөрөнгийг бонд болгож олон улсын зах зээлээс хөрөнгө татах боломжтой.

Top