Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 900 айлын орон сууцны хороолол, инженерийн гадна шугам сүлжээний ажил хийгдэхээр боллоо.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-д Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангасан хот, суурин газрыг төлөвлөж, байгаль орчин, хүний эрүүл мэндийн шаардлагад нийцсэн барилгын үйлдвэрлэлийг дэмжиж, хүн амыг аюулгүй, хүртээмжтэй орон сууцаар хангах талаар тусгасан юм.
Засгийн газрын дээрх хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн дүүргүүд болон зарим аймгуудад инженерийн шугам сүлжээг шинэчлэх, орон сууцны тоог нэмэгдүүлэх ажлуудыг эхлүүлээд байгаа юм. Тэгвэл 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр мөн Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 900 айлын орон сууцны хороолол, инженерийн шугам сүлжээг барих ажлыг эхлүүлэх шав тавих ёслолын арга хэмжээ болсон байна.
Энэхүү ёслолын ажиллагааг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан нээж үг хэлэхдээ:
“УИХ, Засгийн газрын зүгээс 2020 он хүртэл хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийн хамгийн чухал асуудал нь иргэдийг ая тухтай амьдрах нөхцлөөр хангах, агаарын бохирдлыг бууруулах, орон сууцны тоог нэмэгдүүлэх, нэгдсэн инженерийн шугам сүлжээний ажлыг шинэчлэх юм. Дээрх зорилтын хүрээнд Нийслэлийн дүүргүүд, аймгийн төвүүдийн дэд бүтэц, орон сууцны ажлуудыг эхлүүлээд байгаагийн нэг нь Баян-Өлгий аймгийн 900 айлын орон сууцны хороолол, инженерийн гадна шугам сүлжээний ажил юм. Цаашид ч иргэдийг орон сууцжуулах төсөл, хөтөлбөр, арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэх болно… Та бүхний ажил үйлсэд өндөр амжилтыг хүсэн ерөөе” гэв.
Ёслолын арга хэмжээнд Баян-өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү, Барилга, хот байгуулалтын Төрийн Захиргааны удирдлагын газрын дарга У.Отгонбаяр нар болон бусад албаны хүмүүс оролцсон байна.
Эх сурвалж: http://mcud.gov.mn/