2019-04-02 00:06:46

БАРИЛГЫН САЛБАРЫН “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮНДЭСНИЙ VII ЗӨВЛӨГӨӨН” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


“Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2019” үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж буй Барилгын салбарын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний VII зөвлөгөөн” өнөөдөр зохион байгуулагдлаа. 

Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тогтолцоо, цаашдын зорилт сэдвийн хүрээнд явагдсан уг зөвлөгөөнд төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгж байгууллагын 300 гаруй төлөөлөл оролцсон юм.



Зөвлөгөөнийг нээж Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар үг хэлэхдээ “Барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангах нь ААН, байгууллагын үүрэг төдийгүй ажилтнуудын санаачлага, хандлага чухал” болохыг тодотголоо. Түүнчлэн барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын сайн туршлагыг сурталчлах, харилцан  туршлага солилцох шаардлагатайг хэлсэн юм.  

Барилга, хот байгуулалтын яамнаас дөрөвдүгээр сарыг "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар" болгон зарлаж, сарын аяны нээлтийг зөвлөгөөний эхэнд хийлээ.


Сарын хугацаанд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хэрхэн мөрдүүлэх зэрэг сургалт зөвлөгөө, мэдээллийг үе шаттай хүргэж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хөдөлмөр нийгмийн хамгаалалын яамтай хамтран ажиллана. 

Өнгөрсөн онд Барилга, хот байгуулалтын яамнаас "Барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэд хөтөлбөр”-ийг боловсруулж батлуулав. Мөн тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, барилгын салбарт 2021 он хүртэл хийгдэх бодлогын баримт бичгийг гаргаад байна.  

"Барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэд хөтөлбөр” нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, норм нормативийн баримт бичиг, стандарт, дүрэм журмын уялдаа холбоог сайжруулах, барилгын үйлдвэрлэлийн талбайд хөдөлмөр эрхлэж буй иргэн, ажилтны амь нас эрүүл мэндийг хамгаалах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, ААН, байгууллагуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар авч хэрэгжүүлж буй сайн туршлагыг түгээх, барилгын салбарт мэргэшсэн сургагч багшийг бэлтгэх, барилгын салбарын нэгдсэн бодлогын системийг бий болгоход чиглэж байна.

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ